Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ
УВС АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ
Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 8 дугаар сарын 2-р арав хоногт цаг уурын өртөө, харуулын мэргэжилтнүүд тухайн сумын баг бүрд тогтоосон цэгүүдэд хэмжилт судалгаа хийж, мэдээллээ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст хүргүүлснээр ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.
Аймгийн хэмжээгээр авч үзвэл: Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж зурагласан мэдээгээр 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 40 орчим хувьд дунд зэрэг буюу гандуу байсан ().
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
16% - Бэлчээрийн нөөцтэй
20% - Бэлчээр хүрэлцээтэй
43% - Даац 1-3 дахин хэтэрсэн
6% - Даац 3-5 дахин хэтэрсэн
15% - Даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 30 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 70 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Сумын дүнгээр авч үзвэл Тэс сумын 1,2,3,5-р баг, Түргэн сумын Баянхайрхан, Эрдэнэхайрхан баг, Наранбулаг сумын Гүнбүрд баг, Зүүнхангай сумын Баянгол баг, Завхан сумын нийт нутгаар даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна. Сагил сумын Өндөрмод баг, Ховд сумын Шивэр баг, Өмнөговь сумын Орлого баг, Өлгий сумын Хунт баг, Зүүнхангай сумын Даланбулаг сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар). Мөн нутгийн 50 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна. Харин Бөхмөрөн, Улаангом, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай сумдын нийт нутаг, Давст сумын Хандгайт баг, Тэс сумын Нураг баг, Наранбулаг сумын Алдар баг, Өмнговь сумын Холбоо, Улиастай баг, Өлгий сумын Чаргат багуудын нутгаар бага зэргийн хүрэлцээтэй байхаар гарчээ.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсэж, мал бэлчээрлэх боломжгүй болдог.
Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгаа тул тус сумдын удирдлагууд орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллахыг зөвлөж байна.