Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН
ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж нийт сумдаар 10-15 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал Завхан сумын нутгаар дунджаас хүйтэн, Өндөрхангай, Наранбулаг сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Наранбулаг, Ховд, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумуудын нутгаар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад сумуудын нутгаар 3-8 градус хүйтэн. Агаарын хамгийн бага температур шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Бөхмөрөн, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумуудын нутгаар 18-23 градус хүйтэн, бусад нутгаар 24-29 градус хүйтэн байлаа.
Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт нийт сумуудын нутгаар 1-7өдөр цас орсон. Орсон тунадасыг сумуудаар авч үзвэл: Малчин, Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас сумуудын нутгаар 9.2-15.6мм, бусад сумуудын нутгаар 0.0-7.6мм цас тунадас орсон. Хур тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулбал Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар дунджаас ахиу, Наранбулаг сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна.
Цасан бүрхүүл (Snow): 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж зузаан Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумуудын нутгаар 20-35см, Өндөрхангай, Наранбулаг, Тэс сумдын нутгаар 10-15см бусад сумуудын нутгаар 1-5см, гуу, жалга, хунгарлаж шуурсан газартаа нутгийн хойд болон зүүн хэсгээр 35-80см зузаан цасан бүрхүүл тогтсон. Цасны дундаж нягт 0,06-0,28г/см3 байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Давст, Тариалан суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Наранбулаг, Тэс, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдад зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.
Салхи (Wind): Салхины дундаж хурд ихэнх нутгаар 5-9 м/сек, хамгийн их хурд Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Цагаанхайрхан сумуудын нутгаар секундэд 10-18м хүрч салхилсан байна. 10 м/сек –ээс их салхитай өдрийн тоо Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай , Ховд, Завхан сумдад 1-4 өдөр ажиглагдсан байна.
Тойм мэдээ бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү
2023.12.01