Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
Уур амьсгалын тодорхойлолт 1
Газар зүйн байрлал.
Увс аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км. êâ газар нутагтай. Баруун талаараа 200 км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг.
Нийслэл Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан. Аймгийн төв Улаангом сум д.т.д 939 метр өндөрт оршдог. Увс, Хяргас нуур түүний эргэн тойрны говийн бүс, Хархираа, Түргэн, Ханхөхийн өндөр уулс бүхий говь, цөлөөс өндөр уулын мөнх цас, мөсөн гол хүртэлх төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Нутаг дэвсгэрийн 8.2 %-ийг уулын ойт хээр, 14.5 %-ийг өндөр уулын, 37.7 %-ийг хээрийн, 39.6 %-ийг говь цөлийн бүс эзэлдэг.
Байгалийн мужлалтаар Увс, Хяргас нуурын хотгорын цөлжүү хээр, хуурай хээрийн дэд муж, Ханхөхийн нурууны дундаж өндөр бэлэрхэг уул бүхий хээр, хуурай хээр, ар хажуугийн ойн дэд муж, Монгол Алтайн зүүн хэсгийн /Хархираа, Түргэн/ цулдам уул, хотгор ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн дэд мужид тус тус багтана. Ийнхүү мөнх цаст өндөр уулсын бүслүүрээс ойт хээр, говь цөлийн бүсэд шилжих байгалийн олон бүс бүслүүрийг хамран орших нь аялал жуулчлалын олон төрөл хэлбэрийг нэгэн зэрэг хөгжүүлэх давуу талтай.
Хамгийн нам цэг нь д.т.д 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь д.т.д 4250 метрт өргөгдсөн Цагаан Дэглий оргил юм. Хархираа, Түргэний салбар уулс д.т.д 4000 метрээс дээш өндөртэй 31 цаст оргилуудтай гэдгээрээ Увс нутаг ялангуяа уулчдын атаархал, сонирхлыг ихэд татна.
Уур амьсгал:
Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Увс нуурын хотгор нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн уулс хоорондын хотгор төдийгүй төв Азийн антициклоны төв юм.
Өвлийн улиралд агаарын даралт 1-р сард 1054 гПа болж, агаарын температур 1-р сард Зүүнговь, Тэс, Улаангом зэрэг ихэнхи сумдад -50 С õýì хүрдэг нь монгол оронд тэмдэглэгдсэн хамгийн бага утга тул Увс нуурын хотгорыг Монгол орны хамгийн хүйтэн газар гэж үздэг.
Ус зүй:
Ус зүйн сүлжээний хувьд бараг бүхэлдээ төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтана. Монголдоо томоохонд тооцогддог Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Баян, Цавдан, Сангийн далай, Дөрөө зэрэг нууруудад нь ховор, ховордсон ан амьтан, давс элбэгтэй, байгалийн үзэсгэлэн төгс, онгон дагшин газар нутагтай билээ.
Аймгийн усны нөөц нь 1.212 км куб/жил, Өрнөд бүсийн усны нөөцийн 12.8 хувийг эзлэнэ. Увс аймагт 2011 онд зохион байгуулсан усны улсын тооллогоор гол горхи 146, нуур цөөрөм 107, булаг шанд 493, рашаан 33, мөсөн гол 1,усан сан хөв цөөрөм 7, услалтын систем 6, цэвэрлэх байгууламж 1, инженерийн хийцтэй худаг 600, үерийн хамгаалалтын далан 3 тус тус тоологдсон байна.
Ургамал:
Аймгийн нутагт говь-хээрийн бүс зонхилсон өвс ургамал нөмрөгийн хувьд тачирдуухан боловч төрөл зүйл олон, жимс жимсгэний ургамалтай. Хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхи хэсгээр тархсан. Зүүнговь, Сагил, Түргэн сумын нутгаар мөнх ногоон гацуур модтой. Увс нуурын эрэг орчим, Тэсийн голын адаг орчмоор улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харгана бүхий алаг өвст, үент, нугын бүлгэмдэл зонхилно. Алтангагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамалтай.
Чацаргана, үхрийн нүд, гүзээлзгэнэ, тошлой, мойл, анис, зэдгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг.
Амьтны аймаг:
Тус аймаг 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлийн ургамалтай. Хан Хөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий уулархаг нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг зэрлэг ан амьтан амьдардаг. Нууруудад хун, нугас, хотон зэрэг усны шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд, ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувуудтай. Тэс, Нарийн голын сав нь хүйтэн цуст амьтад амьдардаггүй бүсэд хамаарна. Бөөрөг дэлийн элсний районд хээрийн бүлгэмдэл тархсан. Хонин гүрвэл, говийн гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой зэрэг мөлхөгчидтэй. Ан агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго элбэг бол агнуурын шувуудаас ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Уур амьсгалын тодорхойлолт 1 | 2016-11-08 | 2024-12-14 | 1270 |