Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг гандуу, 10 орчим хувьд муу үнэлгээтэй буюу гантай байв. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд ихээхэн хэтэрч гарсан байна
11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаан Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 35см-ээс их, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 20-35 см буюу гуу, жалга, хунгарласан газартаа 40-80см, Өндөрхангай,Наранбулаг, Тэс сумдын нутгаар 10-15см бусад сумдын нутгаар 1-5см зузаан цастай байна.
2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 гаруй хувьд их (50% нэн их, 40% их), 10-аад хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.
Зудын эрсдэлийг сум, багаар авч үзвэл: Сагил, Зүүнговь, Малчин, Хяргас, Завхан, Өлгий, Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумдын ихэнх багууд, Бөхмөрөн сумын Хадын ус, Байшинт, Улаангом сумын 7, 8-р баг, Тэс сумын 1, 2, 3, 5, 4 баг, Наранбулаг сумын Хужирт, Гүнбүрд, Улаан үзүүр, Ховд сумын Халиун, Өмнөговь сумын Орлого, Намир, Давст сумын Торхилог, Түргэн сумын Рашаант, Цагаанхайрхан сумын Хулж, Тариалан сумын Хөхөө багийн зарим хэсгээр нэн их эрсдэлтэй бүс нутагт хамрагдсан байна.
Бөхмөрөн сумын Байшинт, Гурван жигэртэй, Сагил сумын Давст сумын Хандгай, Зүүн хөвөө, Хандгай, Тэс сумын 8, 9,10,11-р баг, Зүүнговь сумын Өгөөмөр, Баруунтуруун сумын Баян айраг, Туруун, Түргэн сумын Баянхайрхан, Рашаант, Эрдэнэхайрхан, Улаангом сумын 2-р баг, Тариалан сумын Мянган, Тарвагатай, Толь, Бургастай, Наранбулаг сумын Алдар, Хужирт, Малчин сумын Баянмандал, Хяргас сумын Хангай, Цагаанхайрхан сумын Хунт, Өндөрхангай сумын Цагаан нуур, Батсайхан, Зүүнхангай сумын Далан булаг, Ховд сумын Ачит, Шивэр, Өмнөговь, Холбоо, Баянгол, Улиастай, Завхан сумын Хяргас нуур, Өлгий сумын Чаргат багуудын нутгаар их эрсдэлтэй гарсан.
Наранбулаг сумын Алдар,Хужирт, Өмнөговь сумын Баянгол, Улиастай, Ховд сумын Ховд, Тариалан сумын Толь, Бургастай, Тарвагатай багийн зарим нутгаар дунд зэргийн эрсдэлийн зэрэглэлд хамрагдаж гарчээ.
Өвлийн эхээр буюу өнгөрсөн 11 дүгээр сард ихэнх нутгийг хамарч 5-18 хоног цас, нойтон цас орж цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломж муудаад байна.
Зудын эрсдэл ихтэй нутаг 11 дүгээр сарын 10-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, цаашид өвлийн хамгийн хүйтэн 12, 1 дүгээр сарууд хүлээж байгаа зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндрэхээр байна. Мөн малын тарга хүч дутуу өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Увс аймгийн УЦУОШТөв
2023-12-01-НЫ ӨДӨР