Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
2023 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температур: Өнгөрсөн арав хоногт Наранбулаг, Тэс, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар агаарын дундаж температур 20.0-22.0 градус, бусад сумдын нутгаар 15.5-19.5градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-3.3 градусаар дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур Хархираа Түргэний нутаг, Ханхөхийн ар тал, Их нууруудын хотгорын өмнөд хэсэг болох Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан сумдын нутгаар өдөртөө 31-36градус, бусад нутагт 27-30градус дулаан, Агаарын хамгийн бага температур Өндөрхангай, Малчин, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-4градус бусад нутгаар 5-12градус дулаан байв. Агаарт 30 градусаас давж халсан өдөр ихэнх нутагт 1-3 өдөр ба Наранбулаг, Завхан суманд тус бүр 4-5 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур: Нийт нутгаар хөрсний дундаж температур 22-33 градус дулаан байв. Хөрсний гадаргын температур хамгийн их өдөртөө нийт нутгаар 46-65градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0-12 градус дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан. Хөрсөн дээр халалт явагдаж ихэнх суманд 60градус хүрч халсан ба Зүүнговьд 62градус, Баруунтуруунд 65градус хүрч халж байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгийн 80орчим хувьд буюу Давст суманд 2.0мм, Наранбулаг, Малчин, Өлгий сумдын нутгаар 0.7-1.3мм, бусад нутгаар 0.0-0.4мм тунадас орсон бол Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал дунджаас бага байлаа.
Салхи: Өнгөрсөн арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд секундэд түр зуур ихэнх нутгаар 12-20м/с хүрч хүчтэй салхилсан, Өндөрхангай, Наранбулаг, Баруунтуруун сумдад 22-24м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан, Завханд 28м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Ургамал: Нийт нутгаар Зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна. Ургамлын дундаж өндөр 3-12см, ургамлын ургалтын байдал 10 орчим хувьд буюу Сагил, Түргэн сумын зарим хэсгээр муу, 30 орчим хувьд буюу Өндөрхангай, Улаангом, Хяргас, Зүүнговь сумдын нийт, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын зарим хэсгээр дунд, 60 орчим хувьд хэвийн гэсэн үнэлгээтэй байна. 6сар эхлээд хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр 40 градусаас давж халж олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдаж, ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалан бүхий нутгаар үр тариа, төмс тариалах, усалгаа хийх ажил хийгдэж байга бол МАА-н үйлдвэрлэлд нийт сумдад хөөвөр хялгас авах , мал ногоолуулах, саал сүү бэлтгэх, хөөвөр хялгас авах, мал хөнгөлөх, хонины ноос хяргах ажил хийгдэж, үргэлжилж байгаа тус ажилд үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Хөрсний гадарга дээр 40градусаас давж халсан өдөр нийт сумдад 6-10 өдөр ажиглагдсан
- Салхины хурд Завхан суманд 28м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
- Нийт нутгаар Агаарын харьцангуй чийг 30 хувиас бага буюу хуурайшилтай хоногийн тоо 2-10 өдөр байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү
2023.06.04