Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар болон Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутагт 25.0-30.5 градус бусад нутагт 13.0-20.0градус хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.4-10.0 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 0-3 градус дулаан, Өндөрхангай, Малчин, Зүүнхангай сумдын нутгаар 1-4градус, Наранбулаг, Завхан сумдын нутгаар 9-11градус бусад нутгаар 18-24градус хүйтэн, шөнөдөө Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 34-41 градус хүрч 8-10өдөр хүйтэрсэн бусад нутгаар 24-31градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 0-5градус дулаан, Өндөрхангай, Малчин, Бөхмөрөн сумдын нутгаар 4-6 градус, бусад нутагт 11-20 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 35-40 градус, бусад нутагт 29-35 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд буюу Ховд, Тэс, Зүүнговь, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0.4-0.8мм, бусад нутгаар 0.0-0.3мм тунадас орсон. Харин Малчин, Улаангом, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай, Сагил, Цагаанхайрхан сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Зүүнхангай сумдад дунджаас ахиу, Түргэн сумдад дунджийн орчим бусад нутгаар бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Малчин, Ховд, Өмнөговь, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар түр зуур 12-16 м/с хүрч хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар салхи тогтуун байжээ
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Нийт сумдад мал хужир шүү бэлтгэх, оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна
Цасан бүрхүүл: 12 дүгээр сарын 31-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 25 см-ээс их, цасны дундаж зузаан Давст суманд 22 см буюу цасны нягт 0,18г/см3, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил сумдын нутгаар 7-15 см буюу цасны нягт 0.11-0.17г/см3, бусад нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-3 см тарлан цастай байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт нийт нутгаар олон жилийн дунджаас 1.4-10.0градус дулаан байлаа.
- Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Тэс, Давст нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагилд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.