Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан. Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг гандуу, 10 орчим хувьд муу үнэлгээтэй буюу гантай байв. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд ихээхэн хэтэрч гарсан байна
Энэ намрын цас 11 дүгээр сарын эхээр орсон бөгөөд 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаан Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 35см-ээс их, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 14-30 см буюу гуу, жалга, хунгарласан газартаа 40-80см, Өндөрхангай,Зүүнговь сумдын нутгаар 6-9см, Наранбулаг, Тэс, Өмнөговь, Завхан,Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-4 балын зузаан цастай байна. Ховд, Бөхмөрөн сумуудын төвөөр цасгүй, уулсаар цастай байна.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 гаруй хувьд их (30% нэн их, 50% их), 20-өөд хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй хамрагдаж гарсан байна. Зудын эрсдлийг сум, багаар авч үзвэл: Бөхмөрөн сумын Хадын ус, Сагил сумын Баян зүрх, Улаангом сумын 8-р баг, Тэс сумын 1, 2, 3, 5, 4 баг, Наранбулаг сумын Хужирт, Малчин сумын Баянхайрхан, Хяргас сумын Хангай, Завхан сумын Хармаг, Айраг, Өндөрхангай сумын Цэцэрлэг, Жаргалан, Зүүнхангай сумын Баянгол, Жаргалант багийн нутгаар нэн их эрэсдэлтэй бүс нутагт хамрагдсан байна. Тариалан, Түргэн, Сагил, Давст, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Ховд, Өмнөговь, Тэс, Улаангом сумдын ихэнх багууд, Бөхмөрөн сумын Байшинт, Хадын ус, Зүүнхангай сумын Жаргалант, Даланбулаг, Өндөрхангай сумын Цалуу, Цагааннуур, Батсайхан, Наранбулаг сумын Улаан үзүүр багийн зарим хэсэг, Малчин сумын Баянмандал, Цалуу, Завхан Хяргас нуур, Хармаг, Өлгий сумын Өлгий, Хуст багуудын нутгаар их эрсдэлтэй гарсан. Наранбулаг сумын Алдар, Улаанүзүүр, Завхан сумын шар булаг, Өлгий сумын Чаргат, Өмнөговь сумын Улиастай, Ховд сумын өмнө хэсэг, Бөхмөрөн сумын гурван жигэртэй багийн нутгаар дунд зэргийн эрсдлийн зэрэглэлд хамрагдаж гарчээ. Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар зун гандуу байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага, малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой хэт их, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурах, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зудад өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг зөвлөж байна. Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Увс аймгийн УЦУОШТөв
2023-11-11-НЫ ӨДӨР