Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
УВС АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Увс аймгийн зуншлагын байдал: Энэ жил хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орсноор бэлчээрийн ургамлын ургалт сайжирч, зуншлага хэвийн байлаа. 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Аймгийн сум, багийн нутгаар бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
28,4% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
33,7% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
30,5% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
2.1% - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
5,3% нь 301-500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл: Манай аймгийн 2020-2021 оны бэлчээрийн даацын хувьд нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 30 орчим хувьд 1-3 дахин хэтэрсэн, даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нутгийн хэмжээ 10 орчим хувьд гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Бэлчээрийн даац 5-аас дээш олон дахин хэтэрсэн нутгийн 3 хувь нь сумдын төвийн багууд ба бэлчээрийн талбайн хэмжээ маш бага байдгаас жил бүрийн даац олон дахин хэтрэлтэй гардаг.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг зөвлөж байна.
УВС АЙМАГ
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020-08-31