Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2023 оны 12 дүгээр сарын 25-ны байдлаар)
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2023 оны 12 дүгээр сарын 25-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 1 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг гандуу, 10 орчим хувьд муу үнэлгээтэй буюу гантай байв. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд ихээхэн хэтэрч гарсан байна
12 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаан Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 35см-ээс их, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 20-38 см, Зүүнхангай, Өндөрхангай,Наранбулаг, Тэс сумдын нутгаар 10-18см бусад сумдын нутгаар 1-5см, гуу, жалга, хунгарласан газартаа 35-80см зузаан цастай. Цасны дундаж нягт0,10-0,33г/см3 байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Давст, Тариалан, Тэс, Цагаанхайрхан, Зүүнхангай Наранбулаг суманд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байдалтай байна.
2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгаар их буюу нэн их эрсдэлтэй (97% нэн их, 3% их) гарсан байна.
11 дүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломгүйд хүргээд байна.
Зудын эрсдэл ихтэй нутаг 11 дүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон,12 сарын дундаас эрс хүйтэрсэн зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Увс аймгийн УЦУОШТөв
2023-12-25-НЫ ӨДӨР