Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-12-21 19:05:28

УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН

ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 8 дугаар сарын 2-р арав хоногт цаг уурын өртөө, харуулын мэргэжилтнүүд тухайн сумын баг бүрт тогтоосон цэгүүдэд хэмжилт судалгаа хийж, мэдээллээ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд хүргүүлснээр ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.

Увс аймгийн зуншлагын байдал: 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу буюу гантай зуншлагатай байсан.

Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

2.7%   -50 хүртэлх хувь (Бэлчээрийн нөөцтэй)

14.6% -51-100 хувь (Бэлчээрийн хүрэлцээтэй)

39.4% -101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

9%      -301-500 хувь (даац 3-5дахин хэтэрсэн)

34.3% -500 хувиас их  (даац олон дахин хэтэрсэн байна).

Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 80 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Энэ жил зуны саруудад хур бороо бага орсон, нийт нутгаар агаар, хөрсөндөө олон жилийн дунджаас дулаан, хэт халалт олон хоног үргэлжилсэн, хуурай халуун салхи ихтэй байснаар бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж нэгжийн ургац муу, бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, малын тоо хэт их байгаа нь сумдын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах гол шалтгаан болсон.

Сум, багийн дүнгээр авч үзвэл Сагил, Тариалан сумдын нийт нутаг, Бөхмөрөн сумын  Хар алтад, Байшинт, Улаангом сумын Хархираа, Хөндлөн, Ховд сумын Ачит, Өмнөговь сумын Орлого, Улиастай, Намир, Өлгий сумын Хулст нуур, Өлгийнуур, Наранбулаг сумын Гүнбүрд, Завхан сумын Хармагт, Айраг нуур, Шар булаг, Хяргас сумын Хайрхан, Хангай баг, Зүүнхангай сумын Баянгол, Даланбулаг, Тэс сумын 1,2,3,4,5-р багуудын нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Ховдын Халиунбулаг, Өмнөговийн Холбоо, Баянгол, Өлгий сумын Чаргат баг, Хяргас сумын Бугат баг, Зүүнговь сумын Суврага багуудын нутгаар 3-5 дахин хэтэрч  (улбар шар), Түргэн, Цагаанхайрхан, Өндөрхангай сумдын нийт нутаг, Бөхмөрөн сумын Цагаантүнгэ, Давст сумын Торхилог, Ховд сумын Шивэр, Наранбулаг сумын Хужирт, Улаан үзүүр, Завхан сумын Хяргас нуур, Шар булаг, Малчин сумын Баянмандал, Цалгар, Зүүнхангай сумын Жаргалант багуудын нутгаар даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна.

 

Иймд өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сум, багуудын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.